Нийгэм

Шинэ төрлийн коронавирусын халдвар манай улсад бүртгэгдээгүй ч халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй орноор монгол улсыг нэрлэсэн.  Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудын нэг бол олон нийтийн газар иргэд бөөгнөрөхгүй байж, амны хаалт зүүж, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийх юм. Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргасан энэ шийдвэр аймаг орон нутагт сайн хэрэгжиж, зах худалдааны төвүүд Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа заавар зөвлөмжийг тогтмол хэрэгжүүлж байгааг худалдаачид ярьж байна.

Энэ бол Орхон аймгийн Бүлэг худалдааны төв.  Худалдаачид өглөө бүр ариутгаж, цэвэрлэсэн худалдааны төвд худалдаагаа эхэлдэг байна. Гараа ариутгаж, нэг удаагийн бээлий, амны хаалт, малгай зүүхийг худалдааны төвийн удирдлагууд шаарддаг байна.

Худалдааны төв цагийн хуваарьтаа ч мөн өөрчлөлт оруулжээ. Бүлэг худалдааны төв жирийн өдрүүд 19 цаг 30 минут хүртэл ажилладаг бол коронавирустай холбоотойгоор 18 цаг хүртэл ажилладаг болжээ.

Амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар явахгүй байх, ялангуяа өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг иргэд, олон нийтэд Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.