Төр мэргэжлийн холбоодыг дэмжиж ажиллана 

Нийгэм

Холбоодын хуулийг Улсын их хурал хэлэлцэхтэй зэрэгцэн аж ахуй эрхлэгчдийн мэргэжлийн холбоод  өнөөдөр чууллаа. Тэд мэргэжлийн холбоод аж ахуй нэгжүүдийнхээ төлөө үйл ажиллагаа явуулахад асар их төрийн дарамт шахалт байгааг хэллээ. Тусгай зөвшөөрлөөс эхлээд төрийн байгууллагууд давхардсан маш олон бичиг баримт бүрдүүлэхийг шаарддаг. Бичиг авах бүрт түүнийг нь хариуцдаг  дарга нар хүнд суртал үзүүлдэг гэдгийг онцоллоо.  

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд аж ахуй эрхлэгчдийн холбоодоос бүрдсэн “МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ” 2021 оны 12 сард байгуулагдаж, мэргэжлийн холбоодыг нэгтгэн цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус зөвлөл өнөөдөр анхны форумаа Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж, төрийн 10 гаруй байгууллагын удирдах албан тушаалтнууд, 17 гишүүн холбооны төлөөлөл болон 120 гаруй бизнес эрхлэгчид, ТББ-ын төлөөлөл оролцлоо. 

Аж ахуйн эрхлэгчид бизнесээ хэвийн үргэлжлүүлэхэд төрийн давхацсан олон бичиг баримт бүрдүүлэх, татвар, тайлан зэрэг олон саад бэрхшээл учирдгийг хэлж байна. Төрийн худалдан авах ажиллагаанд өрсөлдөх хүсэл байвч хэн нэгний танил компани тендер авдаг зэрэг нь хэвийн үзэгдэл мэт болсон тухай албаныхан хэлж байна. 

Форумаас гарсан ажил хэрэгч, бодит саналыг төрийн шийдвэр болгон хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаа шадар сайд онцоллоо. Өнөөдөр зөвшөөрлийн хуулийн тухай хуулийн төслийн танилцуулга, Жижиг дунд үйлдвэрийн салбарын санхүүжилт, Төрийн худалдан авах үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга хэмжээ, Стандарт хэмжил зүйн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон сэдвийг форумын үеэр хөндөн хэлэлцлээ.