Нийгэм

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн 10 дугаар сараас сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Сайжруулсан шахмал түлш түлж эхэлснээс хойш агаарын бохирдол 50 хүртэл хувиар буурсныг судалгаа харуулдаг. Гэсэн хэдий ч иргэд угаарын хийд хордож амь насаа алдах, эмнэлэгт хүргэгдэх тохиолдол буурахгүй байсан учраас төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж, хоногийн 24 цагийн турш хяналт тавин жижүүрлэсэн. Өнгөрсөн долоон сарын хугацаанд 979 өрхийн 2500 гаруй иргэн угаарын хийд хордсон байна.

Угаарын хийд хордох эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс он гарсаар гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгчийг тараасан. Энэ сарын 20 гэхэд  гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгчийг тарааж дуусах төлөвлөгөөтэй байгааг албаныхан хэлж байна. Галлагааны улирал дуусч байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж байна. Цаашид зах худалдааны төвүүдэд энгийн зуух худалдаалахгүй байх, Улаанбаатар хот руу түүхий нүүр оруулахгүй байх зэрэг хяналтаа үргэлжлүүлэн тавих юм байна. 

Cайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхээр байгуулагдсан штабууд өнөөдрөөс татан буугдаж байгаа юм байна. Нийслэлээс ч долоо хоногт хоёр удаа хийдэг байсан мэдээллийг нэг удаа өгдөг байхаар тогтсон байна. Хэдийгээр галлагаа багассан ч аюулгүй ажиллагааг сайтар хангаж байхыг мэргэжлийн байгууллагаас санууллаа.