Энэ жил 13 мянган тонн нөөцийн мах худалдаанд гарна 

Нийгэм

Хавар мал төллөх үеэр махны хомсдол үүсэхээс сэргийлэн нийслэлд нөөцийн мах бэлтгэдэг. Мөн иргэдэд худалдаалахдаа бөөний буюу хямд үнээр хүргэхийг зорьдог юм. Тэгвэл энэ жил 20 гаруй компани нэгдсэн нөөцийн мах бэлтгэж байна. Өмнөх жилүүдийнхээс үнэ өсөхгүй, болж өгвөл хямд байлгахаар төлөвлөжээ.

Жил бүр нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээ тэр дундаа махны нийлүүлэлтийг тогтворжуулж, махны үнийн хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Нөөцийн махыг Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт хотуудад худалдаалдаг. Энэ жилийн хувьд нийт 13 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөжээ. 

Засгийн газраас 10 их наядын хөтөлбөр баталсан. Үүний хүрээнд 100 тэрбум төгрөгийг нийслэлийн иргэдийн махны хэрэглээг хангах үйл ажиллагаанд зарцуулж байгаа. Нийт 24 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн нөөцийн мах цагаан сарын дараа худалдаанд гарахыг албаныхан хэлж байна.