Замын-Үүдээс хийх ачаа тээврийн үнэ дунджаар 2 сая төгрөг болж буурчээ 

Нийгэм

Замын-Үүд дэх хилийн боомтын үйл ажиллагаа хязгаарлагдсаны улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байна. Халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөж хэвийн горимдоо орж чадвал ачаа бараа саадгүй нэвтэрнэ, үүнийгээ дагаад үнийн өсөлт эргээд буурна гэж үзэж байгаа юм. Яг хэзээ хэвийн горимдоо шилжих нь тодорхойгүй байгаа учраас ачаа барааны нэвтрэлтийг хурдан шуурхай болгох бүх талын ажил хийгдэж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Замын-Үүдийн автозамын боомтын үйл ажиллагаа жигдэрч хил дээр гацсан байсан ачаа тээврийг чингэлэг тээврээр нарийн зохион байгуулалттайгаар нэвтрүүлж байна.

Тодруулбал, тэг цэгээс логистикийн төв хүртэл, логистикийн төвөөс гаалийн түгээлтийн талбай, түгээлтийн талбайгаас ачаа хүлээн авах цэг гэсэн гурван шат дамжлагаар тээвэрлэлт хийгдэж байгаа. Дээрх үйл ажиллагааг засгийн газраас зохион байгуулж, энд гарах зардлыг төр дааж байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар хилээр 767 чингэлэг тээврийг нэвтрүүлээд байна. Татан авч буй ачаа барааны дийлэнхийг барилга, хүнс, сэлбэг засвар, гэр ахуй төрлийн бүтээгдэхүүн эзэлж байгааг албаныхан танилцууллаа. Ачаа тээврийн үнэ ч бага багаар буурч байгааг хэлж байна.

Одоогийн байдлаар нэг автомашин ачааны үнэ 2-3.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг онцоллоо. 

Хятад Улстай бараа бүтээгдэхүүн, тээвэр зуучийн үнэ өртөгтэй холбоотой асуудлыг хоёр талдаа нээлттэй платформ байгуулах замаар шийдэхээр ярилцаж эхэлжээ. Энэхүү нээлттэй платформд бүртгэгдсэн карго тээврийн зуучлагч нар ажиллах юм байна. 

ШУУД ҮЗЭХ