Инфляци өсөх бүрд тэтгэвэр, тэтгэмжийг заавал нэмдэг байх хуулийн төсөл санаачилжээ

Нийгэм

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 13, нийслэлд 14.8 хувьд хүрээд байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа энэ үед тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг Улсын их хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэллээ. Гэхдээ инфляцитай уялдуулж нэг удаагийн арга хэмжээ авах бус үүнийг зохицуулсан хууль батлах ёстойг ч онцоллоо.

Цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн саатлаас үүдээд инфляцийн түвшин сүүлийн 9 жилийн хугацаан дахь түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляцийн түвшин 13.5 хувь байгаа бол нийслэлийн хэмжээнд 14.8 хувьд хүрч бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн гурван жилд 65 хувиар өсөөд байна. Гэвч иргэдийн тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдэхгүй байгаа нь өвчин тахлын хажуугаар туйлдуулж байгааг хэлэх болсон. Тиймээс инфляцийн түвшин нэмэгдэх бүрд иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг заавал нэмдэг байх хуулийн төслийг санаачилжээ.

Б.Пүрэвдорж: НД-ийн сангийн хөрөнгө өнгөрсөн онд 750 тэрбумаар давж биелсэн тул тэтгэвэр нэмэх боломжтой 

УИХ-ын нэг гишүүн сардаа 2 сая төгрөгийн цалин авдаг. Тэдэнд өдөр бүр хэрэглэх мах, гурил, талхны үнийн өсөлт огт мэдрэгдэхгүй. Харин сардаа 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг өндөр настанд өдөр бүр 300 төгрөгийн нэмэгдэлтэй үнээр талх авах нь хүнд тусч байгаа юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад инфляцийн түвшин өсөх бүрт иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмдэг жишиг бий. Харин манай улс  инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх бодлого баримтална гэдэг ч амьдрал дээр хэрэгжихгүй байгааг онцоллоо. Мөн өнгөрсөн онд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 750 орчим тэрбумаар нэмэгдсэн тул тэтгэвэр тэтгэмж нэмэх бүрэн боломж бий гэдгийг хэлж байна.  

Улсын хэмжээнд 748 мянга гаруй иргэн тэтгэвэр тэтгэмж авч байна. Үүнээс 460 мянган ахмад тэтгэвэр авдагийн дийлэнх нь хамгийн доод хэмжээгээр үнэлүүлсэн. Европын орнуудад хоёр хөдөлмөр эрхлэгч тутамд нэг тэтгэвэр авагч ноогддог бол манай улсад 10 хөдөлмөр эрхлэгч тутамд 1-2 тэтгэвэр авагч ноогдож байна. Насаараа ажилласан хөдөлмөрийн үр шимээ хангалттай үнэлүүлэх боломж бий ч харамсалтай нь нийгмийн даатгалын санг зөв удирдах, зарцуулах менежмент дутмаг байгааг тэрээр онцолсон юм.