Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилж, цалин нэмэх асуудлыг судалж байна

Нийгэм

Сар шинийн баярын өмнө өндөр настны тэтгэврийг нэмж доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэсэн. Харин хөдөлмөр эрхлэгчдийн цалин үүнээс ч бага буюу 420 мянган төгрөг байгаа юм. Бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлмөр эрхлэгчдийн цалингийн доод хэмжээг нэмэхээр засгийн газар ажиллаж эхэлжээ.

Төрийн тэргүүний өгсөн чиглэлийн хүрээнд засгийн газар тооцоолол хийж УИХ-аар ээлжит бус чуулган зарлан сар шинийн баярын өмнө ахмадуудын тэтгэврийг нэмсэн. Улмаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болсон юм. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа. Мөн төрийн үйлчилгээний салбарт ажиллагсад үүнээс ч бага цалин авч байгааг хэлж цалингаа нэмүүлэхийг шаардсан. Тэгвэл Сангийн сайдын зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цалин хөлсний асуудлыг шинэчлэхээр засгийн газар судалж байгааг хэллээ.

Цар тахлаас үүдэлтэй улсын эдийн засаг хүнд байдалд орсон ч сүүлийн жилүүдэд цалин хөлс нэмэгдээгүй нь иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа. Тиймээс тэтгэврийн доод хэмжээнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бага байж болохгүй тул энэ асуудлыг нэн даруй шийдэхээр ажиллаж байгааг ийнхүү хэллээ.