Хотын удирдлагууд түгжрэл дээр богино хугацаанд авах арга хэмжээ төлөвлөгөөгүй байна

Нийгэм

Өчигдөр хичээлийн шинэ улирал эхэлсэнтэй холбоотой нийслэлийн авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Иргэд хүүхдүүдээ дүүрэг алгасаж сургуульд зөөж байгаа нь түгжрэлийг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байгаа тул энэ асуудалд анхаарах хэрэгтэйг цахим сүлжээнд бичих болсон юм. Үүнээс гадна нийслэлийн хамгийн их түгжрэлтэй бүсээр нэрлэгдээд байгаа Яармагийн иргэд асуудлаа хурдан шийдүүлэхийг хотын урирдлагуудаас хүсч байна. Тухайн бүсэд оршин сууж байгаа иргэд өглөө ажилдаа явахад 1-3 цаг түгжирч байгааг хэллээ.

Нийслэл хотын хамгийн түгжрэл ихтэй замуудын нэг бол Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн зам болоод байнаа. Өглөөний 06 цагаас эхлэн энэ замд түгжрэл үүсч, дунджаар 2-3 цаг түгжирч байж иргэд, жолооч нар очих ёстой газраа очиж байгаа юм.

Нийслэлийн удирдлагууд дээрхи замын ачааллыг бууруулах ажлыг төлөвлөж, зураг төсөл гаргаад байгаа. Гэхдээ бүтээн байгуулалт хийж, нэмэлт зам барихад мэдээж хугацаа шаардана. Тиймээс богино хугацаанд ч болов арга хэмжээ авч өгөхийг иргэд хүсч байна. Тухайлбал түр хугацаанд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг хүсч байна.

Их Тойруу дотор байдаг ЕБС-ийн 59-н сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулж, түгжрэлийг бууруулахаар төлөвлөжээ

Яармаг орчмын түгжрэлийг бууруулах богино хугацааны ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж байгаа талаар тодруулж бид хотын захиргаанд хандлаа.  Их тойруу дотор байдаг ЕБС-ийн 59 -нсургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг хэллээ. Үүнээс өөр түгжрэлийг бууруулах богино хугацааны түр арга хэмжээ бодсон төлөвлөсөн зүйл алга байна.  

Харин хотын түгжрэлийн асуудал хариуцсан орлогч даргын хувьд ямар нэгэн шийдэлгүй байна. Бид бүтээн байгуулалт хийж, түгжрэл бууруулна. Хавраас бүтээн байгуулалт эхэлнэ гэх тайлбарыг л бидэнд өглөө.

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад энэ онд 420 орчим тэрбум төгрөгийг төлөвлөөд байгаа. Энэ мөнгөөр эхний бүтээн байгуулалтууд хийгдэж, баганан тулгуурт гүүрнээс эхлээд дэд бүтэц хийгдтэл бид түгжирсээр байна гэх ойголтыг Нийслэлийн  Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч дарга өгч байна. Ингэхлээр түгжрэлийн асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд дорвитой шийдэгдэхгүй бололтой.