Овор хэмжээ ихтэй барилгын материалыг хилээр нэвтрүүлж эхэллээ

Нийгэм

Сарын хугацаанд Эрээнээс 34 вагон эм эмнэлгийн хэрэгсэл, 24 вагон хүнс орж иржээ.

Өнгөрсөн 1-р сарын 1-нээс 17-ны хооронд Замын-Үүд Эрээн боомтоор 7,763 суудлын автомашин, 3,066 том оврын авто машин, 500 мянга гаруй эм эмнэлгийн хэрэгсэл, 88.9 мянган тонн  авто бензин импортоор орж иржээ. Харин өдөрт 50-70 чингэлэг ачаа тогтмол нэвтэрч байгаагийн 50-60 хувь нь жижиг оврын барилгын материал байгааг албаны хүн мэдээллээ. Түүнээс гадна өчигдрөөс эхлэн овор хэмжээ ихтэй барилгын материалыг Эрээн хот дахь өргөн царигийн парк дээрээс оруулж ирэхээр төлөвлөөд ажлыг эхлүүлсэн байна. 

Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд УБТЗ-ын зүгээс уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдөр Хятадын төмөр зам хагас вагонтой уул уурхайн бүтээгдэхүүнийг авч эхэлжээ. Үүнээс хойш манай голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс, мөнгөний баяжмал зэрэг ачааг экспортлох тал дээр онцгой анхаарч байгааг хэллээ.

Нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 913 вагон зэсийн баяжмал, 2000 орчим вагон төмрийн хүдрийг Хятадын талд төмөр замаар хүргэсэн байна. Харин Эрээн өртөөний парк дээрээс 34 вагон эм, эмнэлгийн хэрэгсэл, 24 вагон хүнсний бүтээгдэхүүнийг төмөр замаар дамжуулан Монгол Улсад оруулж иржээ.