“Хөх сувд-2022” мөсний баярт 10 мянган иргэн, гурван мянга гаруй машин ирнэ гэж тооцоолжээ 

Нийгэм

Мөсөн дээр автомашин гаргахгүй байхаар зохион байгуулалтыг хийжээ.

Ирэх сард Хөвсгөл нуурын мөсөн дээр "Хөх сувд" мөсний баяр 20 дахь жилдээ болох гэж байна.  Жил бүр олон мянган жуулчдын хөлд дарагддаг энэ баярыг зохион байгуулалтын хувьд сайтар тооцоолж хийхээр төлөвлөжээ. Учир нь иргэд нуурын эрэг рүү автомашинтайгаа ордог, байгаль орчин бохирдуулдаг гээд олон асуудал үүсгэдэг байна. Энэ жил "Хөх сувд" баярт 10 мянган иргэн, гурван мянга шахам автомашин ирнэ гэж тооцоолжээ.  

"Хөх сувд-2022" буюу “ICE FESTIVAL” ирэх гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд 20 дахь жилдээ Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдах юм.

Одоогоор мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байгааг албаны хүмүүс мэдээллээ. Цар тахлаас үүдэлтэй хоёр жил завсардсан тус баярыг энэ жил зорих дотоод гадаадын аялагчид их байх магадлалтай гэж зохион байгуулагчид үзсэн байна. Тиймээс  10,000 орчим иргэн, 3,000 гаруй машин ирнэ гэж тооцоолж, нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл нуурын мөс 90-110 см-ийн зузаантай байна 

 

Хоёрдугаар сар гарснаас хойш Хөвсгөл аймагт цаг агаар бага зэрэг хүйтэрч шөнөдөө 30-35 градустай хонох тохиолдол их байжээ. Гэхдээ 20 дахь удаагийн мөсний баярын арга хэмжээг зохион байгуулах үеэр буюу ирэх сарын 3,4-ний өдрүүдэд харьцангуй дулаан, агаарын хэм олон жилийн дундажтай ижил түвшинд байна гэх тооцооллыг аймгийн цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан байна. Мөсний зузаанд хэмжилт хийхээд 90-110 см ийн зузаантай гарчээ. 

Энэ жилийн тухайд мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулах юм байна. Урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдцийг бэлтгэн өнөөдрөөс урлалын ажлыг эхлүүлжээ.