2008 оны үймээний үед “Түмний эх”, “Эмнэг сургагч” зэрэг 300 орчим урлагийн бүтээл галд өртжээ 

Нийгэм

2008 оны 7 сарын 1-ний үймээнд уран зургийн галлерей өртөж Монголын эртний түүхтэй уран зургууд шатсан юм. Тэгвэл эргэн сэргээх ажлыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтран хэрэгжүүлэх гэж байна. Эхний ээлжинд Түмний эх, Азарганы ноцолдоон зэрэг Монголын сор болсон бүтээлүүдийг дахин сэргээхээр төлөвлөжээ.

2008 оны үймээн болон 2009 онд Уран зургийн галлерейд гарсан галын улмаас Анхны Ардын зураач, 20 дугаар зууны манлай зураач Очирын Цэвэгжавын 1963 онд туурвисан Эмнэг сургагч бүтээл юм. Энэ зураг 2008 оны үймээний үеэр галд өртсөн байна. Мөн нэрт зураач Лхагвасүрэнгийн 1979 онд туурвисан Түмний эх бүтээл мөн л 2008 оны үймээний улмаас галд өртжээ. Энэ мэт их хэмжээний гэмтэлтэй 300 орчим уран зургийг ХБНГУ-ын уран зураг сэргээн засварлах технологиор хуучин төрхөнд нь оруулах боломжтой боллоо. 

УРАН ЗУРГИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЛАБОРАТОРИ ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД НЭЭГДЭНЭ 

Манай улс уран зураг сэргээн засварладаг ч их хэмжээний гэмтэлтэйг нь засварлах технологийн боломж хомс. Хоёр жил дарааллан тохиолдсон гэнэтийн үйл явдалд 900 орчим уран зураг шатсан ч 600 орчмыг нь сэргээн засварлаад байгаа. Харин их хэмжээний гэмтэлтэй 300 орчим уран зураг бий. Манай улс өнөөдрийг хүртэл урлагийн ховор бүтээлд тооцогдох эдгээр зургаа сэргээн засварлаж чадаагүй байгаа юм. Тэгвэл их гэмтэлтэй уран зургуудыг ХБНГУ-ын дэмжлэгтэйгээр сэргээн засварлах боломж бүрдээд байна. Энэ улсаас холбогдох мэргэжилтнүүд манай улсаас хоёр сэргээн засварлагчийг сонгон өөрсдийн арга технологийг зааж өгөх юм. 

Ирэх 9 дүгээр сард уран зураг сэргээн засварлах лабораторийг нээхээр төлөвлөөд байна. ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүнд уран зургийг олон улсын стандартад нийцүүлэн сэргээн засварлах хүний нөөцийг бэлтгэх боломжтой болж байгаа юм.