Нийгэм

Шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр буурах боломжтой гэж Шатахууны хангамж, үнэ тарифыг тогтворжуулах үндэсний зөвлөл үзсэн байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ эргэн сэргэж байгаа ч огцом нэмэгдэх хандлага байхгүй. Хямд байгаа ийм цаг үед манай улс ч байж болох хамгийн хямд үнээр шатахуунаа борлуулах ёстойг онцолсон байна. Үнэ бууруулах боломжийг судалж эхэлжээ.

Цар тахал гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ хасах руу орж бензиний үнэ 300-400 төгрөгөөр буураад байгаа. Цаашид ч шатахууны үнэ тарифыг бууруулах, тогтворжуулахаар тал дээр холбогдох албаныхан анхаарч ажиллаж байна. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууныг дахин 100 орчим төгрөгөөр бууруулахаар болсон гэдгийг МҮЭХ-оос мэдэгдлээ.

С.ЭРДЭНЭБАТ: ОН ДУУСТАЛ ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ ТОГТВОРТОЙ БАЙНА

Ковид-19 халдвар тархаж гарч дэлхий дахинд эдийн засгийн хямрал тохиож байгаа энэ үед нефтийн үнийг сэргээх, уналтаас гарахаар олон талт арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Иймд нефтийн үнэ нэмэгдвэл бензиний үнэ дагаад нэмэгдэнэ. Тиймээс холбогдох албаныхан үнийг тогтвортой барих арга хэмжээг авсан гэдгийг онцоллоо.

Мөн хуурамч шатахуунтай холбоотойгоор автомашины эвдрэл гэмтэл их гарч байгааг иргэд хэлж байна. Тиймээс стандартын бус керосины төрлийн бүтээгдэхүүнийг таслан зогсоох, онцгой татвар ногдуулах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. Үүнээс гадна шатахуун түгээх станцад ажилладаг ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир литр тутмыг 5 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг холбогдох албаныханд тавьсан гэдгээ ҮЭХ-yоос мэдэгдлээ.