Беларусийн Ерөнхийлөгч Украины цэргийн ажиллагаанд оролцоогүй гэдгээ батлан мэдэгдлээ

Улс төр

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, хэдийгээр Минскийн тал Орос-Украины хямрал сөргөлдөөнд Москвагийн талыг баримталж байгаа ч Киевийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцоогүй болохоо батлан мэдэгдэж байна.

Беларусийн ерөнхийлөгч энэ талаар Украины газрын зураг дээр заан ярьж, улсынх нь цэрэг арми Оросын цэргийн ажиллагаанд нэгдээгүй болохыг мэдэгджээ.

Лукашенко газрын зурган дээр заан мэдэгдэл хийхдээ: -Оросын цэргийн хүчин Украины газар нутаг руу ихэвчлэн агаараас цохилт хийж, зөвхөн тодорхой чиглэлд газраар ажиллагаа явуулж байна. Тэгвэл бидний талаас зөвхөн Украин улстай залгаа хилийн бүсээ хамгаалж, хил дагуух хамгаалалтаа өндөрсгөн өөрийн орны аюулгүй байдлаа хамгаалж байна. Биднийг Витебск хотын зүгээс, эсвэл Украинтай залгаа өөр ямар нэгэн чиглэлээс Оросын талыг дэмжин дайралт хийж байгаа мэтээр худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг шаардаж байна. Бид хэдийгээр Оросын талын байр суурийг дэмжиж байгаа ч энэ нь цэргийн ажиллагаанд нэгдэж байгаа хэрэг биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэхийг хүсч байна гэжээ.