НҮБ-ын Ерөнхий ассамблей Украины асуудлаар тогтоол баталлаа 

Улс төр

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины хямралтай холбоотой асуудлаар тусгай хуралдаан явуулж, тогтоолын төсөл батлан гаргалаа.

ОХУ-ын цэргийн хүчний Украины эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг шүүмжилсэн, Украиныг дэмжсэн тогтоолыг Ерөнхий Ассамблейн 193 гишүүн улс орноос 141 нь дэмжиж, 5 улс орон эсэргүүцэн, 35 улс орон санал өгөхөөс түтгэлзжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр Украины хямралтай холбоотой асуудлаар Ерөнхий ассамблейн тусгай чуулган хуралдуулж байгаа юм. НҮБ-ын түүхэнд Ерөнхий ассамблейн тусгай хуралдааныг өмнө нь 10 удаа дуудан хуралдуулж байжээ. Украины асуудлаарх тусгай хуралдааныг АНУ болон Албани улсын санаачлагаар Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр хуралдуулсан юм.

Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцогч улс орнууд ОХУ-ын Украины эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагааг эсэргүүцэн, галаа нэн даруй зогсоон, цэргийн хүчнээ Украины нутгаас эргүүлэн татахыг тогтоолын төсөлдөө тусгажээ. Түүнчлэн Ерөнхий Ассамблейн баримтад ОХУ-ыг Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрээсээ түтгэлзэхийг мөн шаардсан байна. Ерөнхий Ассамблейгаас гаргасан тогтоолыг Оросоос гадна Беларусь, Сири, Умард Солонгос, Эритрей улсууд дэмжээгүй бол Хятад, Энэтхэг, Иран, Казахстан, Армян зэрэг 35 улс орон түтгэлзсэн санал өгсөн байна.