Шольц, Эрдоган нар Путинд хандан шаардлага хүргүүллээ

Улс төр

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар хамтарсан уулзалт хэлэлцээр хийлээ. 

Олаф Шольц Туркийн төрийн тэргүүний урилгаар энэ улсад албаны айлчлал хийжээ.

Герман, Туркийн төр засгийн тэргүүлэгчид Анкарад хийсэн албан ёсны уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украин дахь галаа нэн даруй зогсооход уриалсан байна. Германы Холбооны канцлер Оросын талд хандан нөхцөл байдал даамжрахаас урьтаж Украин дахь цэргийн ажиллагаагаа дуусгавар болгоход уриалжээ. Туркийн ерөнхийлөгч мөн энэ байр суурьтай санал нэгдэж байгаагаа илэрхийлэн, гал зогсоох асуудлаарх яриа хэлэлцээр, дипломат хүчин чармайлт үргэлжилсээр байх болно гэжээ.

Шольц, Эрдоган нар түүнчлэн Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлэн, Оросын талыг дайн тулаанаа зогсооход уриалжээ. Турк улс Оросын эсрэг олон улсын хоригт нэгдэхээс татгалзсан юм.