Туркменистан Улсад Ерөнхийлөгчийн урьдчилсан сонгууль боллоо

Улс төр

Төв Азийн Туркменистан улсад ерөнхийлөгчийн урьдчилсан сонгууль боллоо. Туркменистаны СЕХ-ноос санал хураалтын албан ёсны дүнг танилцуулж, энэ улсын одоогийн төрийн тэргүүний хүү, засгийн газрын шадар сайд Сердар Бердымухамедов ялалт байгуулсан болохыг зарлажээ. 

Сердар Бердымухамедов сонгуульд иргэд сонгогчдын 73%-ийн санал дангаар авсан байна. Туркменистанд явагдсан ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуульд иргэд сонгогчдын 97% нь оролцсон дүнтэй байгаа юм. Нийтдээ сонгуульд 9 нэр дэвшигч өрсөлджээ.

Туркменистаны дараагийн төрийн тэргүүнээр эцгээ залгамжлан сонгогдсон Сердар Бердымухамедов нь энэ жил 40 настай, 2021 оны 2-р сараас хойш улсын засгийн газрын шадар сайдын албыг хашиж байжээ. Тэрээр түүнчлэн олон улсын ахалтекины морь үржүүлсэн нийгэмлэгийг тэргүүлдэг байна.

Төв Азийн Туркменистан улсад явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглагчид эцгээс хүүд төрийн эрхийг дамжуулан өгөх гэсэн ёс төдий сонгууль байсан гэж үзэж байгаа юм. Сонгуулийн дүнд Туркменистаны одоогийн төрийн тэргүүн Гурбангулы Бердымухамедов өөрийн хүү Сердарт улсын ерөнхийлөгчийн эрх үүргээ шилжүүлэн өгч байна.

Төв Азийн хамгийн хаалттай улс орон гэгддэг Туркменистан улс 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш энэ улсад явагдсан нэг ч сонгуулийг чөлөөт байдлаар явагдаагүй гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг байна.