“Эрдэнэ Монгол” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай “Сэгс Цагаан Богд”-оос 150 гаруй километр зайд байрладаг.
Баянхонгор аймгийн нутагт орших Сэгс цагаан богд уул, дархан цаазат газар орчимд хууль бус олборлолт хийж нутгийн иргэдийг хүнд нөхцөлд оруулж байна хэмээн хэд хэдэн удаагийн жагсаалыг иргэд зохион байгуулсан. Өнөөдөр иргэдийн төлөөлөл салбар хариуцсан яамны гадна талбайд эсэргүүцлээ илэрхийллээ. Харин хайгуул хийж байгаа Эрдэнэ Монгол компанийн төлөөлөл нутгийн иргэдтэй уулзаж Сэгс цагаан богд уул, дархан газарт нэвтэрсэн зүйл байхгүйн дээр олборлолт эхлээгүй гэж мэдэгдлээ.
Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш “Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” компани Говийн их дархан цаазат газарт орших Сэгс цагаан богд хайрханыг сэндийчиж эхэллээ хэмээн мэдэгдсэн. Тус компани хууль зөрчин олборлолт явуулж байгаа нь хүн мал оршин суухад хүнд нөхцөл байдал бий болгож байгаль экологид ноцтой хохирол учруулж байна гэж нутгийн иргэд өнөөдөр дахин мэдэгдлээ.
Харин иргэдтэй Эрдэнэ Монгол компанийн төлөөллүүд уулзаж нөхцөл байдлыг зөвөөр ойлгууллаа. Тус компани Сэгс цагаан богд хайрхан оршдог Говийн их дархан цаазат газарт огт ойртоогүй 150 гаруй км зайд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн компанийн зүгээс одоогоор ямар ч олборлолтын ажил эхлээгүй байгааг хэллээ.
“Эрдэнэ Монгол” ХХК Баянхонгор аймаг болон тус аймгийн Шинэжинст, Баян-өндөр сумын удирдлагуудад их хэмжээний авлига өгч, ашиглалтын лицензээ хууль бусаар авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хууль бусаар батлуулсан” гэх асуудлыг иргэд хөндөж байсан. Харин компанийн зүгээс “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ” хууль ёсны дагуу батлуулсан буюу тус багийн 100 өрхийн 189 иргэнээс 54 хувь нь дэмжсэн гэдгийг хэллээ. Говийн их дархан цаазат газар, Сэгс цагаан богд хайрханыг “Эрдэнэ Монгол” ХХК сэндийчиж байгаа зүйл огт байхгүй гэсэн юм.