Орон нутагт өдийд ямаа самнах ажлын байр бий болдог ч ажиллах хүн олдохгүй байна. Хэнтий аймагт нэг ямааг 8 мянган төгрөгөөр самлуулах зарыг малчид хаа сайгүй байршуулжээ. Зарын дагуу нэг ч хүн ирээгүй байна. ЗГ- аас халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа. Тэгвэл энэ бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх шаардлага байгааг малчид хэлж байна.
Аймгийн аварга малчин Батсайхан гуайнх 300 гаруй ямаатай. Цас багатай өнтэй өвөл болсон учраас ямааны ноолуур эрх хөөрч самнах цаг нь болжээ. Ингээд бүл хүч муутай эднийх нэг ямааг 8 мянган төгрөгөөр самнуулахаар зар тавьсан ч хүн ирээгүй байна. Ганц нэг холбогдсон хүмүүс хямд байна гэжээ.
Уг нь суманд нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс цөөнгүй бий. Тэднээс ирээд өдөрт 10 ямаа самнахад 80 мянган төгрөгийн орлого олох боломж байгаа юм. Харамсалтай ажил хийх, хөдөлмөр сонирхолтой хүмүүс орон нутагт тун цөөн байна.