Улаанбаатар төмөр замд "Харилцан хүндэтгэе" арга хэмжээ өнөөдөр боллоо. Ажил үүргээ гүйцэтгэж буй төмөр замчиддаа Жигүүр хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн төмөр замаар үйлчлүүлж буй зорчигч, иргэдэд гарын авлага, амны хаалт, галт тэргээр зорчих аюулгүй заавар зэрэг мэдээллийг олгожээ.
Жендерийн үндэсний хорооноос үндэсний хэмжээний “Харилцан хүндэтгэе” сарын аяныг 2022 оны 03-р сарын 1-нээс 4-р сарын 1-ний хооронд улс орон даяар зохион байгуулж байгаа. Энэ аянд Монгол-Оросын ХНН “УБТЗ” нэгдэж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Зорчигч тээврийн төвийн баганат танхимд өдөрлөг зохион байгууллаа. Энэ аянд Зорчигч тээврийн албаны харьяа Зорчигчийн вагон депо, Зорчигч тээврийн төвийн хат олон нэгдэн хамтран ажиллалаа.
Өдөр бүр зорчигчдод үйлчилж байдаг ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлж УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн “Жигүүр” хамтлаг ая дуугаа өргөлөө. Мөн ажилчид галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэж буй ажилтнууддаа зориулж аяны багц, амны хаалт тарааж, байгууллагын хамт олны дунд масс мессежээр хамт олондоо талархсан мэндчилгээг захиргааны зүгээс илгээлээ. Цехийн ажилчдын санаачлагаар “Таньд талархъя” хайрцгийг аялуулж хамгийн олон талархал авсан 3-н ажилтанг шалгаруулж гарын бэлэг өгсөн бол байнгын хамтран ажиллагч 3 байгууллагыг шалгаруулан орон нутгийн зорчигчийн галт тэргэнд 200 кг тээшийг тээвэрлүүлэх эрхийн бичиг гардууллаа.