40 гаруй жил бийр харандаагаар хорвоогийн олон өнгийг харуулж буй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, СТА зураач Лхагвадорж “Монгол амьдрал” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа. Түүний уран бүтээлээс монгол ахуй, өв соёл, зан заншлыг харах боломжтой.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт СТА, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Лхагвадорж нь 9 дэх удаагийн бие даасан үзэсгэлэнгээ олонд толилууллаа. Түүний бүтээлээс нүүдэлчдийн соёл ахуйг харах боломжтой. Энэ удаагийн үзэсгэлэнд 60 орчим бүтээл дэлгэгджээ.
Зураач Лхагвадоржийн хувьд 1967 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулагдах үзэсгэлэнд уран бүтээлээ дэлгэж, олон улсын үзэсгэлэнд өөрийн бүтээлээрээ оролцож байсан арвин туршлагатай, чадварлаг уран бүтээлч юм.
1981 онд хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бол өнөөдөр 9 дэх удаагийн бие даасан үзэсгэлэнгээ ийнхүү дэлгэж байна.
Үзэсгэлэн Норфэй галерейд энэ сарын 28-н хүртэл үргэлжилнэ.