Барилгын захад нэг шуудай цемент 14 мянган төгрөгийн ханштай байна 

Нийгэм

Цементийн үнэ 30 орчим хувиар нэмэгдээд байна. Барилгын гол материал болох цементийн үнэ өссөнөөр бүтээн байгуулалт болон орон сууцны үнэд нөлөөлж болзошгүй боллоо. Цементийг дотоодын дөрвөн компани бүрэн хангадаг ч бензины үнэ, валютын ханш, тээврийн хэрэгслийн өртөг, бусад бараа материалын үнэ нэмэгдсэн зэрэг нь үнэ өсөхөд нөлөөлсөн талаар тайлбарлажээ. Цементийн жижиглэн худалдаанаас манай сэтгүүлч сурвалжилга бэлтгэлээ.

Өнөөдөр барилгын салбарын зарим төлөөллүүд мэдээлэл хийж цементын үнийг бууруулах шаардлагатайг мэдэгдсэн. 2-3 жилийн өмнө буюу нэг литр шатахуун 1700 орчим төгрөг байхад цементын үнэ хямд байжээ. Сүүлийн хоёр жилийн дотор нэг шуудай цементын үнэ 2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Цементын үнэ өссөн шалтгааныг нэгдүгээрт шатахууны үнийн өсөлт эзэлж байна. Үүнээс шалтгаалсан тээвэрлэлтийн өртөг, бараа бүтээгдэхүүн, цалин хөлсний үнэ ч нэмэгдсэн зэрэг олон шалтгааны улмаас ийнхүү нэмэгдэхэд хүрээд байна. Барилгын гол бүтээгдэхүүн болсон цементын үнийн өсөлтөөс шалтгаалан орон сууцны үнэ тэнгэрт хадаад байгаа юм.

Өнөөдрийн байдлаар орон сууцны үнэ нэг метр кв нь байршлаас хамааран дунджаар 2.5-3.5 сая төгрөгт хүрчээ.