Хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилж байна

Нийгэм

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 110 мянга гаруй иргэн бий. Эдгээр иргэдийн 25 мянга нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, дээд боловсрол эзэмшжээ. Гэтэл тэдэнд тэр бүр ажил олддоггүй. Бас эзэмшсэн мэргэжлээр нь бус өөр ажил хийлгэх санал голдуу тавьдаг байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эзэмшсэн мэргэжлээр нь ажилд зуучлах төслийг сайхан сэтгэлт залуус хамтран эхлүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар нөөц боломж байдгийг харуулахаар зорьсон байна.

Улсын хэмжээнд 110 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Эдгээрийн багагүй хувь нь хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой гэж холбогдох байгууллагын судалгаанд дурьдагдсан байдаг. 

Мөн ажил олгогч бүр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахдаа үйлчлэгч, туслах зэрэг мэдлэг боловсрол шаарддаггүй ажлын байранд авах нь элбэг байдаг.

Тэгвэл улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй ч дээд боловсрол эзэмшсэн 25 мянга гаруй хүн байна. Эдгээрийн ажлын байранд зуучлах боломжтой. Тиймээс залуусын санал санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд зуучилж эхэлжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулинд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалт төдий л мөрдөгдөхгүй байна. Дээд боловсрол эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад ажил олгогч хөдөлмөр эрхлэлт хариуцсан байгуулагуудын тал талын оролцоо шаардлагатайг албаныхан онцолж байна.