Украины дайнаас шалтгаалан дэлхий даяар үнийн өсөлттэй байна

Үйл явдал

Орос Украины дайн дэлхийн хэмжээний хүнсний хямрал үүсгэж, цаашлаад өлсгөлөн гуйланчлал, ядуурлыг нэмэгдүүлж болзошгүй байна.

Учир нь Украины дайн тулаанаас өмнө Орос, Украин гэсэн хоёр дэлхийн хүнсний бүтээгдэхүүний томоохон нийлүүлэгч, тэр дундаа ургамлын тос, улаан буудайн зах зээлийн тэргүүлэгч улс орнууд байсан юм. Мөн Орос улс газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, бордоо, байгалийн хий нийлүүлэгч гол улс орнуудын нэг учраас Орос-Украины дайн, Оросын эсрэг тавьсан хориг зэргээс шалтгаалан дэлхийн улс орнуудад хүнсний аюулгүй байдал алдагдаж болзошгүй байна. 

Украины дайн эхлээд сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хооронд Украинд дотоодод хоол хүнсний дутагдал хямрал нүүрлэж, Оросын цэргийн хүчин Украины боомтуудад хориг тавьснаас газар тариалангийн экспорт зогсчээ. Дайн тулаантай байдлаас болж Украины энэ хаврын тариалалт мөн багасч, цаашлаад үр тарианы ургац алдагдаж болзошгүй ч нөхцөл байдал үүсээд байна. Украины үржил шимтэй газар тариалангийн бүс нутагт тариалалт хийгдэлгүй өнжиж, оронд нь Украины газар нутаг Оросын танк, хуягт техникийн дугуйнд  сүйтгэгдээд байна. 

Дэлхийн улс орнууд цар тахлын халдварын улмаас сүүлийн хоёр жил гаран хүнд байдалд байж, орлого нь буурснаас зөвхөн хоол хүнсээ залгуулж, бусад хэрэгцээгээ танан амьдарч байгаа айл өрхүүд хаа сайгүй байна. Барааны үнэ тэнгэрт хадаж, НҮБ-ын судалгаагаар дэлхий даяар өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн саруудад тогтмол өссөөр байгаа юм. Үнийн өсөлт 3-р сард 13%-иар, мөн энэ сард 8%-иар, цаашлаад 22%-иар өсөх тооцоолол байна.