Нийгэм

Шийтгэл хүлээсэн хүмүүсийн эрх зөрчигдөх, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурор ял эдлүүлэх, цагдан хорих, баривчлах байртай танилцах, шалгах ажиллагааг тогтмол хийдэг байна. Хорих ангиудад байрлуулсан прокурорын тусгай хайрцгаар нийт 36 гомдол хүсэлт иржээ. Үүнд албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол их ирсэн гэдгийг УЕП-ын газраас мэдээллээ.

Шүүхээс оногдуулсан хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, тэнсэх, албадлагын арга хэмжээг биелүүлэх, баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд прокурор хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 447 шалгалт хийж 3,217 удаа танилцах ажиллагаа явуулж 1550 гаруй зөрчил илрүүлж, зөрчлийг засуулах, давтан гаргахгүй байх чиглэлээр прокурорын шаардлага 104-г бичиж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.

Үүнээс гадна энэ оны хагас жилийн байдлаар эрүү шүүлт тулгах 27 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан, торгох ялыг шийтгүүлэхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолдыг олж илрүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан байна. Ингэснээр энэ оны эхний байдлаар торгох ял шийтгүүлсэн 90, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 209 ялтныг хорих ялаар сольсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар өссөн үзүүлэлт гэлээ.