Улсын бүртгэлийн байгууллага хэн нэгэнд үйлчлэн гэр бүл цуцлах, паспорт гаргах зэрэг ажлыг хууль зөрчин хийдэг үү гэдэг асуулт олон нийтийн дунд байна. Тод жишээ нь Тордойн Ганболдын гэр бүлийн салалт. Хууль зүйн сайд энэ асуудалд тайлбар өгчээ.
Алтан Дорнод Монгол компанийн захирал Ганболд гэр бүлээ нууцаар цуцлуулсан байсныг түүний эхнэр нь өөрийн цахим хуудсаар мэдээлсэн. Заавал биеэр очин бүртгүүлж, цуцлуулдаг гэрлэлтийн бүртгэлийг хэн нэгэн дур мэдэн өөрчилсөн үү гэдгийг олон нийт асуусаар байна. Энэ мэдээлэл гарснаас хойш бүртгэлийн ажилтны буруугаас болж хүүхдийнх нь нэр өөрчлөгдсөн, хүний нэр дээр гадаад паспорт гарсан, бүр амьд хүнийг нас барсан гэж бүртгэсэн гээд олон алдааг иргэд сошиал орчинд бичжээ.
Тэгвэл энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам судалж эхэллээ. Монголд байгаа хамгийн том мэдээллийн сангийн хаана ийм алдаа гарч байгааг олж тогтоохоор болсон байна.
Цаашид улсын бүртгэлийн байгууллагыг бүрэн тоон гарын үсэгт шилжүүлнэ. Ингэснээр гэр бүл бүртгүүлэх, цуцлах, иргэний харьяатаас гарах, хурууны хээгээ шинэчлэх, хөдөлгөөний хоригтой холбоотой асуудлаас бусад тохиолдол иргэд биеэр ирэх шаардлагагүй болох юм. Мөн таны мэдээллийн сан руу хэн нэгэн нэвтэрбэл иргэн таны гар утсанд дохио илгээдэг хамгаалалтын системийг нэвтрүүлэхээр яригдаж эхэлсэн байна.