Баянхонгор аймагт мотоциклийн улмаас 2020 онд 16 хүн амиа алджээ

Нийгэм

Монголын хамгийн аюултай тээврийн хэрэгсэл бол мотоцикл. Дайн тулаан болсон орноос ч олон хүн манай улсад мотоциклоос осолдон амь насаа алдаж байна. Цагдаа нар дүрэм журам баталж, хичнээн хяналт тавиад ч ямар ч нэмэргүй байгаа хөдөөгийн мото тээврийн талаар Т.Бадамханд, Р.Базаргүр нарын Өвөрхангай аймгаас бэлтгэсэн мэдээллийг хүргэе. 

Өдөрт нэг хүн мотоциклийн улмаас амь насаа алдаж байна гэх судалгааг цагдаагийн байгууллагаас гаргаад байна. Ялангуяа орон нутагт бүртгэгдэх энэ осол жолооч нарын хэнэггүй байдлаас шалтгаалж байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал Баянхонгор аймагт 2020 онд 16 хүн мотоциклийн улмаас амь насаа алдсан байна. 

Улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сард мотоциклийн 34 осол бүртгэгдэж таван хүн нас барж байсан бол энэ оны мөн үед 42 тохиолдол бүртгэгдэж 10 хүн нас барсан байна. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар мотоциклийн 88 осол бүртгэгдэж 31 хүн нас барлаа. Мотоциклийн ослын дийлэнх нь орон нутагт бүртгэгджээ. ТЦА-аас орон нутагт мотоциклоор зорчих явцдаа аюулгүй байдлаа хангаж заавар зөвлөмж хүргэж, орон нутгийн иргэдэд сургалт зохион байгууллаа.