Нийгэм

Н. Баасандорж: ..Би гэж нэг хүн ус ширүүн гатлаад моторыг нь цохиулчихлаа...

Төв шуудангийн зүүн урд буланд жилийн дөрвөн улиралд халуун, хүйтнийг эс ажран хуучны ховор ном, зохиол худалдаалдаг энэ хүнийг Н. Баасандорж гэдэг. Үндэсний малгай, дээл, гутал хувцсаараа өдөр бүр гоёод номоо зардаг түүнийг залуучууд “Дээлтэй ах” хэмээн нэрлэдэг. Баасандорж гуай 1979-1989 оны хооронд автобусны жолооч хийж байгаад 1989 оноос эхлэн ном худалдаалж эхэлжээ. Тэрбээр 31 дэх жилдээ ном зарж байна.

Н. Баасандорж гуай бусдад номоо худалдахаасөө өмнө бүгдийг өөрөө уншиж үздэг байна. Учир нь хүний амьдралд зүг чиг болох, тус нэмэр өгөхөхүйц номыг л зардаг гэлээ. Гар утас, цахим тоглоомонд донтох биш номонд шимтэх хэрэгтэйг та бидэнд захиж байна.

Тэрбээр номоо зараад багагүй ашиг олдог. Амьдралаа залгуулдаг гэнэ. Үр хүүхдүүддээ дараа болохгүйг хичээж эд хөрөнгө, эрх мэдэлд шунахгүй байгаадаа сэтгэл хангалуун байхыг эрхэмлэдэг хэмээн ярьж байна. Түүний том хүү хоёр жил хөдөлмөрлөсөн мөнгөөрөө аавдаа машин авч өгсөн байна. Хүүгийнхээ авч өгсөн машиныг унаад гэр бүлийнхээ гишүүдийн хамт аавынхаа нутгийг зорих үедээ машиныхаа моторыг суулгасан тул арга үгүйн эрхэнд айлын гадаа машинаа үлдээгээд иржээ. Түүнд машинаа засуулах багагүй мөнгөний хэрэг гарсан тул номуудаа яаралтай хямд үнээр зарахыг хүсч байгаагаа ард түмэндээ учирлаж байна.

Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор Н. Баасандорж гуай Төв шуудангийн урд ном худалдаалахаа хэсэгтээ завсарлажээ. Харин фэйсбүүк ашиглан онлайнаар номоо зарж байгаа юм байна.