Өнөөдрөөс нийтийн шугамын үйлчилгээнд шинэ 80 автобус явахад бэлэн болжээ

Нийгэм

Монгол улсын засгийн газар, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлт 2022 онд 60 хувь, 2024 онд 80 хувь,  2 үе шаттай хийхээр төлөвлөсний дагуу 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шугамын үйлчилгээнд гарах 80 автобус, сургуулийн үйлчилгээнд явах 20 автобусыг хүлээн авч нээлтээ хийлээ. 

Уг арга хэмжээ Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын Нэгдүгээр баазад болсон бөгөөд Монгол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр нар оролцож Нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны стандарт, техникийн үзүүлэлт, хотын шинэ стандартын дагуу жолооч нарыг хувцаслалтаар жигдрүүлсэн байдалтай танилцаж, иргэдэд үйлчлэх инженер техникийн ажилчид, жолооч шалгагч нарт ажлын амжилт ерөөж, ард иргэддээ соёлтой боловсон үйлчлэхийг санууллаа. 

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн эхний үе шат Нийслэлийн Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазад 60 автобус, Зорчигч тээвэр гурав баазад давхар эко автобус 10, энгийн эко автобус 10, нийт 80 автобус Нийслэлийн ард иргэддээ үйлчлэхээр бэлэн болоод байна.