Нийгэм

Улаанбаатар хотоос 100 орчим км зайд Төв аймгийн Аргалант Алтанбулаг Баянхангай сумдын нутагт Хустайн нурууны 506 км2 талбайг хамарсан Хустайн байгалийн цогцолбор газарт өнөөдөр 400 гаруй тахь, 1300 гаад халиун буга, 14 мянган тарвага аргаль хонь цагаан зээр жилийн 4 улирал нутагшиж байна. 

Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтанд авсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нь дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн дурсгалт газар гэх мэт 4 чиглэлээр байдаг. Хустайн нурууг  УИХ-ын 1993 оны 11-р сарын 12-ны өдрийн 83 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийг ахиулан байгалийн цогцолборт газар болгожээ. Хустайн Байгалийн Цогцолборт Газар 2002 онд ЮНЕСKО-гийн  Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгджээ. Хустайн нуруу нь  бэлчээрийн ургац сайтай, ус булаг элбэгтэй, хад асга, ой мод зэрэг  зэрлэг амьтан хоргодох нөхцөл сайн учир энд төрөл бүрийн ан амьтан элбэг. Халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр, тахь адуу, аргаль хонь ,тарвага, дорго, саарал чоно, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг 55 зүйл хөхтөн амьтан, хонин тоодог, хар өрөвтас, тогоруу , сойр, гангар хун, ятга шаазгай, начин шонхор, цармын бүргэд, нөмрөг тас  зэрэг 223 зүйл шувуутай. Мөн судлаачдын тогтоосноор 400 гаруй зүйл шавьж бүртгэгдсэн байна. Энэ газарт дэлхийд бүрэн устсан тахийг нутагшуулах бэлтгэл ажил 1990 оноос эхэлсэн гэдэг.   МБОХН, ГТХС хоёр  Хустайн нуруунд тахь нутагшуулах ажлыг хамтран гүйцэтгэхээр гэрээ байгуулж  анхны 15 тахийг 1992 оны 6-р сарын 5 нд авчирсан байдаг. Түүнээс хойш хоёр жил тутам 18-20, нийтдээ 84 тахь  авчирсан нь өсч үржсээр одоо 400 гаруй толгойд хүрээд байна.

“Хустайн цогцолборт газар” нь улсын төсөвт өчүүхэн төдий ч дарамтгүйгээр байгалиа хамгаалан, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байдаг ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Өдгөө тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлыг 54 хүнтэй хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж байна.