Нийгэм

Өнөөдөр 9-р сарын нэгний өдөр. Удаан хугацааны карантинаас зуны амралт руу шилжиж бүтэн найман сар гаруй хугацаанд завсардсан хичээл сургууль өнөөдөр эхэллээ. Цар тахлын аюул манай улсын хувьд өндөр хэвээр байгаа учраас сургуулиудад халдвар хамгааллын дүрэм журам мөрдүүлж байна. Мөн сургуулиуд нэг ангид цөөн хүүхэд байхаар бодолцож хичээлээ олон ээлжээр оруулахаар төлөвлөжээ. 2020-2021 оны хичээлийн жилд 80 мянга гаруй зургаан настан ардын сургуулийн алтан босгыг алхаж байна. Хичээлийн шинэ жилийн нээлтийн эхний сурвалжлагыг улсын тэргүүний ганзам 20-р сургуулиас бэлтгэлээ.

Ганзам 20 дугаар сургуулийн хувьд 3000 гаруй сурагчтай. Эдгээрийн 450 нь нэгдүгээр ангийн шинэ сурагчид. Тус сургуулийн хувьд нэгдүгээр ангийн 9 бүлэгтэй. Нэг ангид 25 хүүхэд байхаар зохион байгуулалт хийжээ. Нэгдүгээр ангид элсэн суралцагсдын хувьд хоёр өөр орчин солигдож байгаа учраас хүүхдүүдтэй эелдэг зөөлөн харьцах шаардлагатай гэдгийг бага ангийн багш нар хэлж байна. Хүүхдүүдийн хувьд өмнө төсөөлж байгаагүй шинэ ертөнцөд орж ирснээ ярьсан юм.

Нэг ангийг 2-3 бүлэг болгон хуваасан. Ангийн хүүхдүүд өдөр өдрөөр ээлжлэн хичээлдээ явна. Танхимаар Монгол хэл, математикийн хичээл заах бол мэргэжлийн хичээлүүдийг теле хичээлээр заах юм. Зарим эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ сургуульд явуулахгүйгээр онлайн хичээлд хамруулах хүсэлтийг ч гаргажээ.