Нийгэм

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Халдвар мөн эсэхийг тогтоох хүртэл 10 мянган хүн амтай Тосонцэнгэл сум руу орж гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байна. Тарваган тахал коронавирусээс хоёр дахин хүчтэй, халдвар авсан хүнийг богино хугацаанд үхүүлдэг учраас тарваганы мах хүнсэнд хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхаарууллаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдол илэрч, тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлаад байна. Тухайн иргэн нь Хөвсгөл аймагт явж байхдаа тарваганы мах идсэн гэдгээ хэлжээ. Одоогоор баталгаажуулах шинжилгээг хийж эхлээд байгаа бөгөөд ойрын хавьтал болох 25 хүнийг тусгаарлаад байна.

Он гарсаар тарваган тахлын нийт 16 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдол батлагдаад байна. Тиймээс тарваганы махыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас дахин анхаарууллаа.