Нийгэм

КОВИД-19 цар тахал дэлхий нийтэд тархаж эхэлсэн өнгөрсөн хугацаанд Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэг үйлдэж нийт 13,951 иргэнийг агаараар татан аваад байна. Ингэхдээ гадны 53 улс руу 69 удаагийн нислэг үйлджээ.

Сар бүр тусгай үүргийн нислэгийг нэмэгдүүлэн ажиллаж, өнгөрсөн 7,8 р сард тус бүр 11 удаагийн нислэг хийжээ. Харин энэ сард 13 удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 11 мянга 400 орчим иргэн гадны улсаас эх орондоо ирэх хүсэлт илгээсний дийлэнх нь БНСУ-аас байгааг хэллээ.
Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээс яаралтай гадны улс руу зорчих хүсэлтэй иргэд Гадаад харилцааны яаманд ихээр хандаж байгааг хэллээ. Гадаад харилцааны яамнаас БНХАУ болон Япон Улсын талтай хамтран ажиллаж визний асуудлыг шийдвэрлэж эхэлж байгааг онцоллоо.
Харин ОХУ-аас эх орондоо яаралтай ирэх хүсэлт тавьсан 50 орчим иргэнийг маргааш Алтанбулаг боомтоор татан авах юм байна. Мөн ОХУ-аас манай улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөллүүд ирэх хүсэлтээ илгээсэн байна. Тус иргэдийг мөн маргааш хил нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.