БНХАУ-ын ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр баримталж буй бодлогод өөрчлөлт орсон тухай

Архив

Нийгэм

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн харьяа Улсын эрүүл мэндийн хорооноос “ковидын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах төлөвлөгөө”-ний хүрээнд 144 тоот мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд,

Одоогийн байдлаар вирусийн мутацийн эмгэг төрүүлэгч чанар бага болсон. Ковидын вирус байгальд удаан хугацаанд оршин тогтнох ба түүний эмгэг төрүүлэгч чанар нь эхний үетэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан. Үүнээс үүдэлтэй ковид нь цаашдаа аажмаар амьсгалын замын нийтлэг халдварт өвчин болон хувирна.

Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэрээр ковидын В хэлбэрийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах шинэ төлөвлөгөөг боловсруулан дараах 12 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Үүнд:  

1. Ахмад настнуудын дунд ковидын вакцинжуулалтын түвшинг нэмэгдүүлнэ.

2. Шинэ ковидын халдварыг эмчлэхтэй холбоотой эм, шинжилгээний урвалжийн хангалтыг нэмэгдүүлнэ. 

3. Эмнэлгийн нөөцийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.

4. Орон нутгийн иргэдэд шаардлагатай бол бүх шатны эрүүл мэндийн хяналтыг хийнэ. Олон нийтийг хамарсан шинжилгээ хийхгүй.

5. Ковидын шинж тэмдэггүй болон хүнд хэлбэрийн суурь өвчингүй тохиолдолд гэртээ өөрийгөө эмчлэх арга хэмжээ авна.

6. Хүн амын эрүүл мэндийн судалгаанд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулна.

7. Төрийн гол байгууллагуудын ковидоос урьдчилан сэргийлэх, хяналтын ажлыг сайжруулна. 

8. Хөдөө орон нутагт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг нэмэгдүүлнэ.

9. Цар тахлын хяналт болон хариу арга хэмжээг сайжруулна.

10. Иргэдэд хувийн халдвар хамгаалал сахих арга хэмжээг идэвхтэй сурталчилна.

11. Мэдээлэл түгээх, сурталчилгааны ажлыг нэмэгдүүлнэ. 

12. Хятад болон гадаад улс хооронд иргэдийн зорчих хөдөлгөөний менежментийг оновчтой болгоно. 

Уг арга хэмжээний хүрээнд 2023 оны 1 дүгээр сарын 08-аас эхлэн Хятад улс гадаадаас иргэд хүлээн авах бодлого дараах байдлаар өөрчлөгдөж байна.  

1. Алсын зайнаас илрүүлэх - БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах бөгөөд сөрөг хариу гарсан иргэдийг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ БНХАУ-ын Элчин сайдын яам болон гадаад дахь Консулын газраас эрүүл мэндийн код авахгүй бөгөөд зөвхөн гаалийн эрүүл мэндийн мэдүүлгийн картанд бүртгүүлнэ. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан бол тухайн иргэн эмчлүүлсний дараа Хятадад зорчиж болно. 

2. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм - Нуклейн хүчлийн шинжилгээг тус улсад нэвтэрч буй бүх иргэдэд хийхгүй бөгөөд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, хилийн боомтуудад тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүсийг тусгаарлахгүйгээр хилээр нэвтрүүлнэ. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага шинжилгээнд хамруулна. Хэрэв шинжилгээний хариу эерэг гарч, шинж тэмдэггүй халдвартай эсвэл суурь өвчингүй хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй иргэдийг гэрийн тусгаарлалтад оруулна. Бусад тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад очиж эмчлүүлнэ. Өмнө хэрэгжиж басан гадаадаас ирсэн иргэдийг тусгай байранд тусгаарлаж байсныг болиулна.  

3. Олон улсын зорчигч тээврийн нислэг - Олон улсын зорчигч тээврийн “таван+ нэг”, “нэг улс нэг бодлого” зэрэг хязгаарлалтын бодлогыг цуцалж, гадаад нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэн, чиглэлийн хуваарилалтыг оновчтой болгоно. 

4. Хятад руу зорчих иргэдийн виз - Ажиллах, бизнес эрхлэх, суралцах, гэр бүлдээ зочлох зорилгоор Хятад улсад зорчих гадаадын иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчилнө. 

5. Хилийн боомтын үйл ажиллагаа - Хуурай болон усан замын хилийн боомтуудад одоо хэрэгжиж буй "зорчигчийн хөдөлгөөнийг зогсоох, ачаа тээш нэвтрүүлэх" бодлогыг цуцалж зорчигчдын орох, гарах хөдөлгөөнийг үе шаттайгаар нээнэ. 

6. Дотор болон гадагш чиглэсэн аялал жуулчлалыг сэргээх - Олон улсын халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан нэн түрүүнд гадаадад аялах Хятад иргэдийн хөдөлгөөнийг сэргээнэ.

 

Эх сурвалж: 

- 关于中外人员往来暂行措施的通知_中华人民共和国外交部 (fmprc.gov.cn)

- 关于印发对新型冠状病毒感染实施“乙类乙管”总体方案的通知 (baidu.com)