Нийгэм

Амь насаа алдсан 9 настай охины талаар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах энэ байгууллагад амь насаа алдсан хүүхдийн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна. 108 утсанд хоёр удаа хандсан байдаг ч ээж нь санамсаргүйгээр залгасан гэх утгатай тайлбар хэлжээ. Өөрөөр хэлбэл хүүхэд удаа дараа хүчирхийлэлд өртөж, 108 утсанд нэг бус удаа хандсан байхад хуулийн нэг ч байгууллага очиж шалгаагүй байна. 

2018 оны 11 дүгээр сард 108 утсанд талийгаач охиныг алга боллоо гэж мэдэгдсэн ч хоёр цагийн дараа дэлгүүрт байхыг нь оллоо хэмээн эргэн мэдээлжээ. Хоёр цаг алга болсон шалтгаан нь орон нутагт байдаг эмээтэйгээ утсаар ярихаар гарсан байж. Өнгөрсөн зургаадугаар сард тоглоомын талбай дээр тоглож байгаад гараа гэмтээж ГССҮТ-д ээж болон хорооныхоо нийгмийн ажилтны хамтаар очиж үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ үед охиныг үзсэн эмч нар ээжид нь болон хорооны нийгмийн ажилтанд хавирга хугарч бороолж байгаа тухай мэдээлж байжээ. Охины хавирга ямар шалтгааны улмаас болж хугарсан, юу болсон тухай хэн ч лавлаж тодруулаагүй, ажиглалтад аваагүй, дараагийн шатны байгууллагад мэдэгдээгүй, гэрт нь эрсдлийн үнэлгээ хийгээгүй гээд тоочвол охины амь нас хохироход хүрсэн олон шалтгаан албаны хүний өгсөн мэдээлэлд байгаа юм.

Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийг анхааралдаа авч, арга хэмжээ авч хамгаалах ёстой хамтарсан баг нь Хүүхдийн байгууллагад мэдэгдээгүй гэж байгаа ч охин 108 утсанд нөхцөл байдлаа мэдэгдэж залгасан ч эргэж нягтлаагүй гээд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас нэхэх хариуцлага олон байна.

Хүчирхийллийн эсрэг хамтарсан багт хорооны нийгмийн ажилтан, цагдаа хэсгийн ахлагч зэрэг хүмүүс багтдаг байна. Гэсэн ч эдгээр хүмүүсийн үйл ажиллагааны доголдлоос үүдэн ангийнхаа хамгийн алдаагүй цэвэр бичигтэн харгис нэгний гарт амиа алдаж байна. Он гарсаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон бусад шалтгаанаар 9,126 хүүхдэд хувийн хэрэг нээжээ. Харин агентлагийн хэмжээнд эрсдэлийн програмд 21,400 хүүхдийн кэйс бүртгэгдсэн байна. Эдгээрээс 7600 хүүхдийн хэрэг дээр ажиллаж хэргийг хаасан байна.