Өнгөрсөн Лхагва гарагт Украин улсын нийслэл Киев хотын захын нэгэн цэцэрлэгт нисдэг тэрэг унан осолдсны улмаас дор хаяж 14 хүн амиа алдсан байна. Нас барсан хүмүүс дотор нэг хүүхэд болон Украины Дотоод хэргийн сайд зэрэг яамны удирдах албан тушаалтнууд байжээ.
Украины албаныхан нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтооход эрт байна гэж мэдэгджээ. Францад үйлдвэрлэсэн Супер Пума нисдэг тэрэг Киев хотын зүүн захын Броварид манан дунд үзэгдэх орчин муудсны улмаас цэцэрлэгийн талбайд унасан байна. Олон хүн бэртэж гэмтсний дотор бага насны хүүхдүүд түлэгдсэн тохиолдол их байгаа аж. Украины онцгой байдлын албаны мэдээлснээр нийтдээ 14 хүн амиа алдсан байна. Нас барсан хүний дотор Украины дотоод хэргийн сайд Денис Монастырский байсан нь дайн эхэлснээс хойшхи амиа алдсан Украины хамгийн өндөр албан тушаалтан боллоо. Амиа алдсан хүмүүст нэг бага насны хүүхэд, 6 яамны ажилчид болон 3 нислэгийн багийнхан байжээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский Лхагва гарагт 11 хүүхэд, 14 том хүн бэртсэн тухай мэдээлсэн байна.
Украин улс 2022 оны хоёрдугаар хагаст зүүн болон өмнөд хэсгийн нэлээд газар нутгийг эргүүлэн авснаас хойш фронтын шугам ачааллаа дийлэхгүй байгаа тул энэ жил барууны шинэ технологи бүхий зэр зэвсэг, ялангуяа хүнд байлдааны танкууд нэн чухал хэрэгцээтэй байна гэж Киев удаа дараа мэдэгдсэн. Нато-н холбоотнууд Украины армид Герман улсын “ирвэс” танкийг хамгийн тохиромжтой гэж үзэн илгээхээр бэлтгэж байна. Гэвч Герман улс энэ шийдвэрт хориг тавих бүрэн эрхтэй тул одоо дайныг тойрсон бүх анхаарал Германд төвлөрч байгаа юм.