Нийгэм

Маргааш олон улсын цагаан таягтны өдөр тохионо. Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд өнөөгийн нийгэмд мэдлэг боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр эрхлэхэд боломж тун хомс байдагийг хэллээ. Бараг л массаж хийх ажлаар хязгаарлагдаж байдагийг онцолж байна. Тэд бусдын адил нийгмийн харилцаанд оролцож, дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байна гэдгээ хэллээ.

Хараагүйчүүдийн эрхийг хамгаалах цагаан таягтнуудын олон улсын өдрийг анх 1970 оноос тэмдэглэх болжээ. Харин Монгол Улсад 36 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг хэлэлцдэг. Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчин, хөтөчтэй болгох, тэдний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. 

ИРГЭД: ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ДАГУУЛААД ЯВАХ ХӨТӨЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА 

Дэлхийн цагаан таягтнуудын өдөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эгэл жирийн хүмүүстэй зэрэгцэн амьдарч буйг сануулах өдөр юм. Гэвч жирийн иргэд тэднийг ялгаварлан гадуурхах явдал их байдаг гэлээ. Тэдний хувьд төөрөх, машинд шүргүүлэх, таягаа хугалуулах зэрэг хүндрэлтэй асуудал их гардаг байна. Гэсэн ч тэд нийгмээс тусгаарлагдан гэртээ хоригдохыг хүссэнгүй. Харааны бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн чадах чинээгээрээ ажиллаж, амьдралын төлөө зүтгэсээр байна. 

Хараа муудах өвчлөл жил бүр залуужиж хүүхэд багачууд ихээр өртөх болжээ. Гэтэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль нийслэлд ердөө нэг л байна. Энэ нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн ирээдүйг харлуулах нэг нөхцөл болж байгаа юм. Сурч боловсорч чадаагүй хүнд ажил олдох уу? Тэд бүх насаараа массаж хийсээр байх уу? Харааны бэрхшээлтэй ч тэд Монгол Улсын иргэн, бие хүн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс тэдний амьдрах, сурч хөгжих боломжийг хүртээмжтэй болгож илүү сайжруулах хэрэгтэй байгааг харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл эрхээ хамгаалуулах энэ өдрөө онцлон тэмдэглэсэн юм.