Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй

Нийгэм
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн хуваариар ажиллаж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд тус дугаарт иргэдээс нийт 354 дуудлага ирлээ.
Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 12 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 28 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 154 буюу 43.5 хувийг машин ачилтын талаар, 67 буюу 18.9 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаар, 52 буюу 14.7 хувийг өргөдөл, гомдлын явц, хариу авахаар залгасан байна.

Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 26-ны 10 дугаар хурлын тэмдэглэлээр Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/ тээвэрчдийг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, халдвар бүртгэгдсэн газраас PCR шинжилгээний хариуг халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлнэ.