Иргэд: Ажил, үйлчилгээний байгууллага эрт эхэлдэг байх нь зөв

Нийгэм

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл хотын иргэд өглөө эрт босдог, ажилдаа яардаг соёлыг бий болгохоор “Эртэч Монгол” уриалга гаргаад байгаа юм. Тэгвэл энэ санаачилгыг иргэд дэмжиж байна. Урин цаг ирж байгаа энэ үед ажил эрт эхлэх нь илүү үр бүтээлтэй, гэр бүлдээ гаргах цаг нэмэгдэж байгаа нь хамгийн сайхан гэж иргэд ярьж байна.

Эртэч байх энэ санаачилгыг олон иргэн дэмжиж байгаа ч албан байгууллагууд үйл ажиллагаагаа 09:00 цагаас хойш эхлүүлдэг нь хүндрэл учруулах гол шалтгаан болдог гэдгийг онцоллоо. Үүнээс гадна ажил, үйлчилгээ эрт эхлэх нь цахилгаан эрчим хүчний оргил ачааллыг  бууруулах боломжтойгоос гадна иргэдийн амьдралд эртэч байх нь олон ач холбогдолтойг дурдаж байлаа. Нийслэлийн хэмжээнд 6 цагаас нээдэг үйлчилгээний байгууллага тун цөөхөн. Харин гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад үүрийн гэгээ ороогүй байхад ажилдаа явж нар мандахтай уралдан ажилаа эхэлдэг туршлага олон байдаг. Харин Улаанбаатар хотод тогтмол, хамгийн эрт нээгддэг үйлчилгээний байгууллага ТҮЦ болоод байна. Тэд 07:00 цагаас үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг байна. Хаврын дунд сар гарч өдрийн наран 06:30 минутанд мандаж байгаа энэ үед иргэд ажил, үйлчилгээг эрт эхлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэр тусмаа урин дулаан, хаврын урт өдрүүдэд эрт ажиллаж эрт тарах нь зөв шийдэл гэсэн юм.