Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн нэртэй тамирчин Кобе Брайнт болон түүний охин Жианны дурсгалд зориулан тэдний золгүйгээр осолдсон газарт хөшөө босгожээ. NBA-ийн од тамирчин, түүний өсвөр насны охин 2 жилийн өмнө осолдон харамсалтайгаар амиа алдсан юм.
Америкийн Калифорни мужийн Калабасас хотод Кобе Брайнт болон түүний охин Жианна нарт зориулан дурсгалын хөшөө босгосон байна. Хөшөөг Америкийн барималч Дэн Медина бүтээжээ.
Хүрэл хөшөөн дээр “Лос Анжелес Лейкерс” багийн тамирчин Кобе сагсны өмсгөлөө өмсч, зүүн гараараа охин Жианнагаа тэврэн, охин нь гартаа сагсан бөмбөг барьж байгаагаар дүрсэлжээ. Хөшөөг хүрлээр цутган хийж, 160 фунт буюу ойролцоогоор 72,5 кг жинтэй болжээ. Кобе Брайнт, түүний охин Жианна, мөн өөр 7 хүн 2020 оны 1-р сарын 26-нд Лос Анжелесаас холгүй нисдэг тэрэгтэй явж байгаад осолдсон юм.
Тэд Калифорни мужийн Вентура тойрог руу сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор явж байхдаа осолджээ. Нэртэй сагсан бөмбөгчинд зориулсан хүрэл хөшөөн дээр түүнтэй хамт нисдэг тэргээр явж байгаад осолдсон хүмүүсийн нэрсийг мөн сийлжээ.