Камила Валиева сэтгэл зүйн хувьд хүнд байсан ч өнөөдрийн богино үзүүлбэртээ тэргүүлж чадлаа

Спорт

Камила Валиева-г тойрсон сэргээшийн асуудал 2-р сарын 8-нд эхэлж, маргаантай нөхцөл байдал одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа энэ үед 15 настай Оросын уран гулгагч өнөөдөр (II/15) болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж нэгдүгээрт жагслаа.

Тэрээр 82.16 оноогоор араасаа ойрхон үнэлгээтэй дөрвөн уран гулгагчийг орхиж ирэх Пүрэв гарагт ( II/17) болох шигшээгийн чөлөөт үзүүлбэртээ орох эрхээ хялбархан авсан байна. Түүнийг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын тэмцээндээ алт авна гэж харж байгаа. Хэрэв тэгвэл энэ нь түүний хувьд Бээжин-2022 наадмаас авах хоёр дахь алт байх болно.

Өнөөдрийн богино үзүүлбэрээ дуусгасны дараа Валиева дасгалжуулагчдаа тэврүүлэхээс өмнө тайзнаасаа гартал уйлж байсан.

Өчигдөр буюу Даваа гарагт Спортын Арбитрийн шүүхээс ОУ-ын Олимпын хороо, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг, Олон улсын уран гулгалтын холбоод түүнийг олимпид цааш оролцуулах боломжгүй гэсэн саналыг цуцалсан юм. Ингэснээр Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээндээ орох эрхтэй болсон юм.

Валиеваг тойрсон сэргээшийн асуудал хэрхэн үүссэн бэ?

2-р сарын 7-ны өдөр уран гулгалтын багийн төрөлд Оросын олимпын хороо алтан медаль хүртсэнээс нэг хоногийн дараа Валиевагаас 12-р сарын 25-нд буюу олимпоос 6 долоо хоногийн өмнө авсан сэргээшийн шинжилгээ нь эерэг гарсан.

Оросын сэргээшийн эсрэг агентлаг 2-р сарын 7-н хүртэл шинжилгээний хариуг хүлээж аваагүй гэж мэдэгдэн Валиеваг олимпид цааш оролцох эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад эргээд нэг хоногийн дараа цуцалсан юм.

Харин энэ шийдвэрийг ОУ-ын Олимпын хороо, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг, Олон улсын уран гулгалтын холбоо хүлээн зөвшөөрөхгүй гэж Спортын Арбитрийн шүүхэд мэдүүлсэн юм.