Спорт

Дэлхийн сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, NBA-г дэлхийн брэнд болгон хөгжүүлж чадсан Дэвид Штерн 77 насандаа, шинэ оны эхний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр өнгөрсөн 12-р сарын 12-нд зүрхний шигдээс тусч, улмаар бие нь сайжрахгүй байсаар амьсгал хураасан байна. 

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо болох NBA-г одоо тэргүүлэн ажиллаж байгаа Адам Силвер Штерны гэр бүлд эмгэнэл илэрхийлж, түүнийг сагсан бөмбөгийн спортын түүхийг эргүүлсэн, спортын нэртэй зүтгэлтэн байсан гэжээ. Дэвид Штерн NBA-г тэргүүлэн ажиллахдаа Америкийн сагсан бөмбөгийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн бренд болгон хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн технологийг нэвтрүүлж, харилцагч түншүүдийн холбоог бататгаж, нийгмийн хариуцлагын үүднээс олон ажил хийж, сагсан бөмбөг нь зөвхөн спорт төдийгүй мөн олон хүнд аз жаргал бэлэглэх тоглолт болгон хөгжүүлсэн юм. Штерн NBA-г 1984-2014 оны хооронд 30-аад жил тэргүүлэн ажиллахын зэрэгцээ маш олон шинэчлэл авчирсан юм. Түүний үед драфт-лотерей гарч, сагсан бөмбөгчид дресс-кодтой болж, тамирчдыг хар тамхи, муу зуршлаас салган, эрүүл спортлог амьдралыг түгээгчид, дэлгэрүүлэгчид болгосон юм. Дэвид Штерны нэр 2014 онд Америкийн сагсан бөмбөгийн алдрын танхимд бичигджээ.