Спорт

COVID-19 коронавирусын халдварын дэгдэлтээс шалтгаалан ирэх зун Японы нийслэл Токио хотноо болох хүн төрөлхтөний спортын их наадам тогтоосон цаг хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй байгаа. Энэ талаар ОУОХ, Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хороо ирэх 5-р сард тусгай хуралдаан хийж, эцсийн шийдийг гаргахаар болж, Олимпийн наадам хугацаандаа болох эсэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм.

Тэгвэл энэ хооронд Токио-2020 Олимпийн наадамтай холбоотой үйл явдлууд тогтсон хугацаандаа болох хэдий ч үзэгчид, дэмжигчидгүйгээр болох нь тодорхой байгаа юм. Тухайлбал Олимпийн өлгий нутаг болох Грекийн Олимпия хотоос Олимпийн галт бамбар таслан авах ёслол түүхэндээ 2 дахь удаа үзэгчгүй явагдах нь ээ... 

Грекийн эртний Олимпия хотоос Олимпийн галт бамбар асаах ёслолын бэлтгэл лхагва гарагт явагджээ. Бамбар тасдан авах ёслолын нэгдсэн бэлтгэл үзэгчгүй, мөн хэвлэл мэдээллийнхнийг оролцуулалгүй хаалттай болсон байна. Грекийн Олимпийн хорооны тэргүүн Спирос Капралосын мэдээлснээр: -Харамсалтай нь энэ удаагийн бамбар асаах ёслолыг албаны хүмүүсээс өөр бусад зочид үзэгчгүйгээр явуулахаар тогтлоо. Хэдийгээр бид ёслолыг тогтсон уламжлалын дагуу явуулах ч дэлхийн улс орнуудад дэгдээд байгаа COVID-19 коронавирусын улмаас ёслолыг үзэгчгүйгээр явуулахаар шийдвэрлэсэн гэжээ.

Токио-2020 наадмын галт бамбарыг Олимпийн өлгий нутаг болох Грекийн Олимпия хотоос тасдан асааж, бадамлуулах ёслол Олимпизмын түүхэнд 2 дахиа тохиож байгаа юм. Үүнээс өмнө 1984 онд Америкийн Лос Анжелес хотноо болсон Олимпийн наадмын галт бамбарыг мөн л үзэгчгүйгээр асааж байжээ. Тухайн үед Олимпия хотын иргэд галт бамбар асаах ёслолыг ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг эсэргүүцэн, эртний цэнгэлдэх хүрээлэн лүү явах замыг хаасан юм. ОУОХ, энэ жилийн Токиогийн Олимпийн наадмыг ирэх зун гэхэд COVID-19 намжвал товлосон хугацаандаа явуулах хүсэлтэй байна.