Спорт

ОУОХ, “Токио-2020” Олимпийн наадмыг зохион байгуулах хугацааг COVID-19 коронавирусын дэгдэлтийн улмаас хойшлуулах шийдвэр гаргалаа.

ОУОХ, Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хороо хамтран мэдэгдэл хийж, энэ зун болох ёстой байсан Олимп, Паралимпийн наадмыг ирэх 2021 он болгон хойшлуулсан талаар мэдэгджээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай утсаар хэлэлцэх үеэрээ Токио-2020 Олимпийн наадмыг COVID-19 коронавирусын дэгдэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлын дагуу хойшлуулах санал тавьсан байна. Токиогийн Олимпийн наадам энэ зун 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-ний хооронд зохион байгуулагдахаар тов тогтоод байсан юм. Япон улс хүн төрөлхтөний спортын их наадмыг эх орондоо зохион байгуулахын тулд маш их ажил хийж гүйцэтгэсэн, Олимпийн наадмын бэлтгэл ажил хангагдсан хэдий ч дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдээд байгаа коронавирусын аюулаас шалтгаалан ийнхүү бүтэн жилээр хойшлогдоход хүрлээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОУОХ-ны тэргүүнтэй хэлэлцэх үеэрээ COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Олимпийн наадмыг зохион байгуулах хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргасныг Томас Бах 100% дэмжсэн гэж мэдэгдсэн байна. Абэгийн мэдэгдсэнээр Олимпийн наадмыг хойшлуулах эсэх шийдвэрийг эцсийн мөчийг хүртэл гаргахаар яарахгүй байсан ч өнөөдөр COVID-19 цар тахлын хэмжээнд хүрч, улс орнуудад нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор тамирчид, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хугацааг хойшлуулахаас аргагүйд хүрснийг тэмдэглэн хэлжээ. 

Токио-2020 Олимпийн наадмыг хойшлуулах эсэх асуудлыг ирэх сард эцэслэн шийдэхээр төлөвлөж байсан ч улс орнууд, тухайлбал Америк, Канад, Норвеги зэрэг орны Үндэсний Олимпийн хороодоос Олимпийн наадмыг хойшлуулах нь зүйтэй гэсэн санал ирж, зарим улс орнууд коронавирустай холбоотой нөхцөл байдал ирэх зун намжлаа ч гэсэн вирусын дэгдэлт дахин дэгдэхгүй гэсэн баталгаа байхгүй учраас тамирчдаа оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн учраас ийнхүү шийдвэр гаргахад хүрчээ. 

ОУОХ, энэ жил болох ёстой байсан Олимп, Паралимпийн наадам нэг жилээр хойшлогдлоо ч ирэх жил нэрээ хадгалж “Токио-2020” гэсэн нэрээрээ зохион байгуулагдах болно гэж мэдэгджээ. Түүнчлэн ирэх онд болох Зуны 32 дахь удаагийн Олимпийн наадамд ямар нэгэн хасалт таналт хийгдэхгүй, Олимпод багтсан бүх спортын төрлөөр тэмцээн уралдаан болдгоороо болно гэдгийг “Токио-2020” Олимпийн наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори мэдэгдсэн байна.