Спорт

Энэ жилийн Улсын их баяр наадмын хурдан морины уралдаанд нийт 1,806 морь уралдахаар бүртгүүлсэн байна. Гэвч ХХААХҮЯ-наас хурдан морины салбар хорооны үүлдэр тогтоох комиссын дүнгээр бүртгүүлсэн хурдан морьдын 58.1 хувь нь буюу 853 хурдан хүлэг хасагджээ. Ийнхүү хасахдаа стандартын дагуу хэмжилт явуулаагүй, нүдэн баримжаагаар хэмжиж байгаа нь шударга бус үйлдэл болсон гэдгийг Монголын морин спорт уяачдын холбооноос мэдэгдлээ.

Уяачид мориныхоо үүлдэр угсааг сайжруулахын тулд хурдны чиглэлээр үржүүлэн шинэ монгол үүлдрийн адуу буюу бидний хэлж заншснаар эрлийз морьдыг бий болгож байгаа юм. Гэтэл хурдан морины уралдааны салбар комиссоос хуучин Монгол үүлдрийн адууг уралдуулах, тэрхүү хуучин стандартаараа морьдыг ангилж ялгаж байгаа нь буруу жишиг гэдгийг Монголын морин спорт уяачдын холбооны зөвлөх хэлж байна.

Энэ жилийн Ардын хувсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд бүртгүүлээд хасагдсан морьдын тоон мэдээллийг хүргье.

-       Азарга насны ангилалд 174 морьд бүртгүүлсэн боловч 70 нь буюу 40.2 хувь

-       Их насны ангилалд 261 морьд бүртгүүлсэн боловч 82 нь буюу 31.4 хувь нь

-       Соёолон насны ангилалд184 морьд бүртгүүлсэн боловч 106 нь буюу 57.6 хувь

-       Хязаалан насны ангилалд 286 морьд бүртгүүлсэн боловч 172 нь буюу 60.1 хувь нь

-       Шүдлэн насны ангилалд 313 морьд бүртгүүлсэн боловч 243 хувь нь буюу 77.6 хувь нь

-       Даага насны ангилалд 220 морьд бүртгүүлсэн боловч 180 нь буюу 58.1 хувь нь тус тус хасагджээ.

Сэрвээний өндрийг хэмжихдээ стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээтэй лазер метрээр хэмждэг бөгөөд морьдыг хэмжиж буй агшин хэмжээстэйгээ цуг шууд дэлгэцэн дээр олон нийтийн өмнө ил тод явагдах учиртайг хэлж байна. Тиймээс ХХААХҮЯ-наас хурдан морины салбар хорооны үүлдэр тогтоох комиссын дарга, гишүүдийн буруутай үйлдэлд хариуцлага тооцох, тэдний буруутай үйл ажиллагааны улмаас Үндэсний их баяр наадамд морьдоо уралдуулж чадаагүй уяачдын хохирлыг төлүүлэхийг шаардлаа.