Covid-19 коронавируст халдварын тоо 200 сая давлаа

Ковид-19 /дэлхий/

Дэлхий дахинаа цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний халдвараар өнөөдөр 200 сая гаруй хүн халдварлаад байна. Энэ талаар ДЭМБ, мөн Жон Хопкинсын их сургуулийн албаны мэдээлэлд дурьджээ.

Ингэхдээ сүүлийн үед дэлхийн улс орнуудад коронавирусний Дельта хувилбар илүүтэй газар авч байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар бүх нийтийн дархлаажуулалт цар тахлын халдварын дэгдэлтийг бууруулж байгаа ч вакцины хүрэлцээ хангамж муу байгаагаас коронавируст халдвараар хүмүүс амиа алдсаар байна.

Өнөөдөр дэлхийн нийт 7 тэрбум хүн амын 2,6% нь цар тахал тусчээ. Хэрвээ цар тахлын халдвараар өвчилсөн нийт дэлхийн хүн амыг нэг улс гэж тооцвол дэлхийд хүн амаараа 8-д орох “Корона” гэх улс орон байх байжээ.

Түүнчлэн ДЭМБ-ын нэгдсэн статистик мэдээллээр өнөөдөр коронавирусний халдвараар дэлхий даяар 4 сая 200 мянган хүн нас бараад байна. Цар тахлаар Америк, Бразил, Индонези, Энэтхэг, Иран улсад хамгийн олон хүн нас баржээ. Эдгээр орнуудад нийт халдварын тохиолдлын 38% нь оногдож байна.