Австрид цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийн эсрэг хөл хорио тогтооно

Ковид-19 /дэлхий/

Ирэх даваа гарагаас эхлэн Австрид локдаун зарлахаар болжээ. 

Дээд Австрийн холбооны газар нутагт цар тахлын эсрэг вакцин хийлгээгүй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, хөл хорио тавихаар болсон байна. 

Дээд Австрийн Холбооны газар нутагт цар тахлын халдварын дэгдэлтийг хянах зорилгоор вакцинд хамрагдаагүй иргэдийг гэрээсээ зөвхөн ажил албандаа, мөн хүнсний дэлгүүр явах зорилгоор л гарахыг зөвшөөрөх юм. Түүнчлэн ийм хэсэгчилсэн локдаун, хөл хориог Австрийн Зальцбург хотод мөн тавихаар төлөвлөж байна. Локдаун тогтоосноор цар тахлын вакцинд хамрагдаагүй иргэд олон нийтийн газраар явахыг хориглож байгаа юм. Өмнө нь ПСР-ын шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд тэрхүү шинжилгээний бичгээ үзүүлэн олон нийтийн газраар үйлчлүүлж болж байсан бол одооноос хүчингүй болжээ. Австрийн канцлер Александр Шалленберг улс орондоо цар тахлын эсрэг вакцинжуулалтын үйл явцыг эрчимжүүлэх зорилго тавьжээ. Австри улсад цар тахлын эсрэг вакцинжуулалт ЕХ-ны улс орнуудаас хамгийн бага үзүүлэлттэй байгаа юм. Энэ улсын нийт иргэдийн ердөө 65% нь дархлаажуулалтад хамрагдаж, сүүлийн 7 хоног цар тахлын халдварын тохиолдол эрс өсчээ.