Коронавирусний шинэ мутант хувилбараас шалтгаалан улс орнууд хилээ хааж байна

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-аас коронавирусний шинэ хувилбар болох Омикрон вирусын талаар мэдээлж, “анхааралдаа авах” ангилалд оруулсны дараагаар дэлхийн улс орнууд хилээ хааж, цар тахлын ээлжит давалгаанаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ. 

Женев хотноо төвтэй ДЭМБ-аас коронавирусний шинэ хувилбарын талаар анхааруулга сэрэмжлүүлэг бүхий мэдэгдэл хийсний дараагаар дэлхийн улс орнууд баасан гарагаас эхлэн дор бүрнээ ар араасаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. Өмнөд Африкт анх илэрсэн гэх Омикрон вирусын дэгдэлтээс сэргийлэх үүднээс улс орнууд хилээ хааж, Африк тивээс ирэх хүмүүсийг хүлээн авахаас татгалзан, шинэ хувилбар илэрсэн улс орнуудтай агаарын тээврийн харилцаагаа тасалж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусний шинэ хувилбараар өвчилсөн зуугаад тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр тохиолдлын дийлэнх нь Өмнөд Африкийн Гаутенг мужид илэрч, мөн дэлхийн бусад улс орнуудад ганц хоёр тохиолдол бүртгэгдээд байна.

Омикрон вирусын талаарх ДЭМБ-ын албан ёсны мэдээллийн дараа Америк, Их Британи, Герман, Итали, Израиль, Сингапур, Франц, Чех, Япон гэхчлэн улс орнууд Африк тивийн орнууд руу хийх агаарын тээврийн нислэгүүдээ цуцлан, Омикрон вирус илэрсэн улс орнуудаас нислэг хүлээн авахаа зогсоожээ.