ДЭМБ: Нэг долоо хоногт дэлхий даяар covid-19 коронавирусний 15 сая тохиолдол бүртгэгдлээ 

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-аас дэлхийн улс орнуудад сүүлийн 24 цагийн дотор илэрсэн коронавирусний тохиолдол анх уда 3 сая давсан талаар мэдээллээ. Түүнчлэн COVID-19 коронавирусний халдвар сүүлийн долоо хоногт 15 саяар нэмэгдсэн нь мөн өндөр үзүүлэлт болсон байна. 

ДЭМБ-аас гаргасан мэдээллээр 1-р сарын 12-ны өдрийн байдлаар дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 312 сая давж, 5 сая 501 мянган хүн нас барсан байна. Тэгвэл сүүлийн нэг хоногт дэлхийн улс орнуудад цар тахлын халдварын 3 сая 395,785 тохиолдол шинээр бүртгэгдэж, нас баралт 7, 735-д хүрсэн байна. Үүнээс өмнө 1-р сарын 6-нд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдэж, 2 сая 618 мянган тохиолдол илэрч байжээ. ДЭМБ-аас гаргасан статистик мэдээллээр өнгөрсөн оны 8-р сарын байдлаар 200 сая байсан бол 11-р сард 250 саяд хүрч, он гарсны дараа 1-р сарын 12-ны өдрийн байдлаар 312 сая болж өсөөд байна.

COVID-19 коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол АНУ-д бүртгэгдэж, нийтдээ 61 сая гаруй халдвар бүртгэгдээд байгаа бол Энэтхэг улсад 36 сая, Бразилд 22 сая, Их Британид 15 сая, Франц улсад 12 сая гаруй тохиолдол бүртгэгдэн, цар тахлын халдвар хамгийн өндөр байгаа улс орнуудын жагсаалтыг тэргүүлж байна. Түүнчлэн нас баралтын тохиолдол АНУ-д хамгийн өндөр буюу 833 мянга, Бразилд 620 мянга, Энэтхэгт 485 мянга бүртгэгджээ.