COVID-19 коронавирусний шинэ хувилбар болох омикрон Европын улс орнуудад эрчтэй тархсаар байна.
Цар тахлын дэгдэлтээс шалтгаалан улс орнууд халдвар хамгааллын журмаа чангатгаж байгаа бол Англи улс эсрэгээр саяхнаас ихэнх дүрэм журмаа сулруулах шийдвэр гаргажээ.
1-р сарын 27-ны өдрөөс эхлэн Англи улсад хаалттай битүү орчин, мөн нийтийн тээврийн хэрэгсэлд зайлшгүй амны хаалт зүүх журам хэрэгсэхгүй болох юм. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээ, шөнийн клубт зайлшгүй вакцины үнэмлэхээ үзүүлэх журмыг ч халж байна. Мөн ажил олгогч нар ажилтнуудаа зайнаас ажиллуулах журмыг халж, офист ажиллах боломжтой болжээ. Одоогоор коронавирусний халдвар туссан бол 5 хоногийн зайлшгүй тусгаарлалтад байх журам хэвээр үлджээ. Гэхдээ энэ журмыг ч мөн удахгүй халж болзошгүй талаар ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.