Англи Улсын албаныхан коронавирусийн эсрэг вакцин үр дүнтэй, олныг хамарсан амжилттай явагдаж байгааг үндэслэн цар тахалд чухал ач холбогдол өгөхөө болих гэж байна.
Тухайлбал, цар тахалтай холбоотой хязгаарлалт, дүрэм журам зэргийг цуцлах гэж байгаа талаар Английн Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Үүнээс гадна Ерөнхий сайд Борис Жонсоны төлөөлөгч “Амны хаалт зүүх эсэх нь хувь хүний сонголт” болно гэж мэдэгдэлдээ дурдсан байна.
Гэхдээ зарим үйлчилгээний газрууд өөрсдийн дотоод дүрэм журмын дагуу амны хаалт зүүх шаардлага тавьж болно. Ямартай ч Засгийн газраас халдвартай холбоотой хязгаарлалтуудаа цуцалж, амны хаалт заавал зүүх шаардлага тавихгүй байх шийдвэр гаргахаар судлаж байгаа гэжээ.
Харин нийслэл Лондон хотын захирагч Садик Ханы зүгээс иргэд олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт зүүх шаардлагатай гэсэн байна. Тус улсын ЭМЯ-ны мэдэгдсэнээр сүүлийн долоо хоногт хийгдсэн вакцины тоо, иргэдийн хандлага, шинжээчдийн багийн судлагаан дээр үндэслэн Үндэсний эрүүл мэндийн газартай хамтарч дээр дурдсан мэдэгдлийг баталгаажуулах юм. Ингэснээр тун удахгүй Англи Улс амны хаалтыг халж, цар тахлын хязгаарлалтуудаа цуцлахаар байна.